“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргалаа
2024-02-02
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргалаа
Айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт иргэдэд уриаллаа.
Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо.
Энэ хүрээнд:
🔸Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилт бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх,
🔸Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордонд морин хуурын сургалт явуулах,
🔸Олон улсад морин хуураа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд түлхүү анхааран, хилийн чанад дахь монгол сургууль, сургалтын төвүүдэд морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах,
🔸Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, төсөв, санхүү, материаллаг баазыг нь бэхжүүлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих,
🔸Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх,
🔸Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулахыг чиглэл болголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Монгол Улсын Засгийн газар
Монгол Улсын Филармони
Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь унших: https://moc.gov.mn/news/7043
# Сэдвүүд
Uncategorized