ДОХИОНЫ ХЭЛМЭРЧ БАГШ АЖИЛЛАА
Дундговь аймагт зохион байгуулагдаж байгаа Соёлын сэргэлт 2023 аяны хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нээлтийн үйл ажиллагаанд дохионы хэлмэрч Б.Саранчимэгийг урьж оролцуулан сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллаа.
Соёлын сэргэлт 2023 аяны нээлтийн үйл ажиллагаанд Чингис Хаан музейн захирал, Академич, шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун “Чингис хаан Монголчуудын үнэт зүйл, дархлаа болох нь” сэдвээр соён гэгээрүүлэх илтгэл хэлэлцүүлэх үеэр тог тасарч улмаар гэрэл, хөгжим, аппаратур ажиллах боломжгүй болсон хэдий ч танхим дүүрэн үзэгчид утасны гэрлээ асааж, илтгэлийг гүйцэт сонслоо.
ШАГНАЛ
“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Монгол Улсын “Соёлын Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр ТХДЖТеатрын гоцлол дуучин Б.Энхзаяа, Төв номын сангийн ном зүйч Э.Биндэръяа, аймгийн Музейн албан хаагч Ц.Отгончимэг, Соёлын яамны “Жуух бичиг”-ээр жүжигчин Э.Энхцэцэг, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын бичиг хэрэг, нярав Б.Сугирсүрэн нарыг шагнагдлаа.
ОНЦЛОХ СОЁЛЫН ЭЛЧ
МУГЖ уртын дуучин Ж. Дүнжмаа. МОНГОЛД АНХ УДАА НЭГ АЙМГИЙН 3000 УРТЫН ДУУЧИН ЦУГЛАЖ “УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” ДУУГ ЭГШИГЛҮҮЛЖ БАЙЛАА.
2019 оны намар говь нутгийн үзэсгэлэн болсон “Их газрын чулуу” байгалийн цогцолборт газар Дундговь аймгийн ЗДТГ, МУГЖ уртын дуучин Ж.Дүнжмаатай хамтран 3000 уртын дуучин морин хуурчид, Дундговь аймгаас төрсөн алдартан гавьяатууд цуглаж, Зууны манлай дуучин Н.Норовбанзадын дэлхий дахинд хүргэсэн “Уяхан замбуу тивийн наран” уртын дууг эгшиглүүлсэн нь говийн үзэсгэлэнт байгаль, уул устай сүлэлдэн Монгол хүн бүрийн зүрх сэтгэлийг булгилуулж, омогшил бахдал төрүүлсэн үйл явдал болж байлаа. Тухайн үед энэ урлагийн наадам гадаадын жуулчид, дэлхийн урлаг судлаачдын анхаарлыг татаж, урлагийн гол сэдэв болж байсан гэдэг.
Тэрээр уртын дууны гайхамшигт боржигон, төв халх аялгууг өвлөн уламжилж явна.
2020, 2022 онд МУГЖ уртын дуучин Ж. Дүнжмаагийн нэрэмжит улсын уралдаан зохион байгуулагдаж, 21 аймгаас 500 гаруй уран бүтээлчид, уртын дуу сонирхогчид оролцсон байна.
Уртын дуучин Ж.Дүнжмаа 2013 онд Өвөрмонголд болсон ардын урлагийн наадамд тэргүүн байр эзэлж байсан бөгөөд ОХУ, Герман, Солонгос зэрэг олон улсад уртын сайхан дуугаа эгшиглүүлж, хүмүүний сэтгэлийг баясгасан нэгэн билээ.
Монголчууд уртын дуу эгшиглэсэн газар хүний бие сэтгэлийн жавар үргэдэг гэж бэлгэшээдэг. Уртын дууны огторгуйн уудамд шингэх мэт аялгуу айзам эгшиг нь хүмүүний сэтгэлийг хөглөх увидас оршдог гэлтэй. Энэ гайхалтай өв соёлыг өвлөн яваа Монгол улсын гавьяат жүжигчин уртын дуучин Ж.Дүнжмаа дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн соёлын элч билээ.
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ФЕСТИВАЛИЙН “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН” Э.УРАНЖАРГАЛ:
Хэдхэн хоногийн өмнө Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Жүжгийн Театр-ын жүжигчин Э.Уранжаргал олон улсын хүүхдийн жүжгийн фестивалиас “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН”-ээр шалгарч, ур чадвараараа гайхагдан, аймаг болон эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам үйл явдал боллоо.
ОХУ-ын Эрхүү хотын Залуучуудын театраас зохион байгуулсан “Байгаль нуурын сахиус” Олон Улсын хүүхдийн жүжгийн фестивальд Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид Монгол улсаа төлөөлөн “Солгой харандаа” хүүхдийн дуулалт жүжгээр оролцсон юм. Залуу жүжигчин Э.Уранжаргал Номуужингийн дүрээр ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН, найруулагч Б.Хишигзаяа ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ-аар шалгарч, тус театрын уран бүтээлчид ШИЛДЭГ УРАН ЧАДВАРТАЙ ТЕАТР хэмээх эрхэм шагналын эзэн болцгоожээ.
Залуу жүжигчин Э.Уранжаргал Дамбын Төрбатын зохиол “Цагаан гарьдын цадиг” жүжгийн Цагаанцаагийн дүр, М.Ю.Лермонтов “Багт наадам” жүжгийн Штераль Гүнэьегийн дүр, Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Гэгээн тамлан” жүжгийн Гүлмэр хатны дүр гэх мэт 15 гаруй жүжгийн гол дүрд ажилласан байна.
Э.Уранжаргал Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрт 9 дэх жилдээ ажиллаж, 2019 онд тус театрын уран бүтээлчидтэй хамт А.Вампиловын нэрэмжит орчин үеийн театрын Олон улсын 12 дахь удаагийн их наадамд “Ууган хүү” жүжгээр амжилттай оролцож байсан юм.