Дундговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Соёлын сайдтай байгуулсан гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Уяхан замбуу тивийн наран” 3000 уртын дуучид, морин хуурчдын эвент наадмыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан анхдугаар хуралдаанаа хийлээ.
2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус ажлын хэсгийн хуралдаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат биечлэн оролцож, салбар комиссыг хувиарлах, наадам зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын явц, хугацаа товлох, уг наадмын Ерөнхий найруулагчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Хуралдаанаар “Уяхан замбуу тивийн наран” 3000 уртын дуучид, морин хуурчдын эвент наадмыг 2023 оны 08 дугаар сарын 11, 12 -ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон бөгөөд уг наадмын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулахад ажлын хэсэг уялдаа холбоотой хамтран ажиллахыг чиглэл болголоо.