Монгол үндэстний бахархал болсон нүүдэлчдийн ахуй амьдрал, ёс зан заншил, соёл урлагийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэн сурталчлах зорилгоор 2023 оны 08-р сарын 11,12-ны өдрүүдэд байгалийн гайхамшиг цогцолсон “Их газрын чулуу”-ны задгай театрт
“Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу” уртын дуучид, морин хуурчдын их наадам, монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан дөрвөн улирлын “Өв соёлын отог”, “Их хүндэтгэлийн тоглолт, адууны өв соёл, хоол үйлдвэрлэл, монгол уламжлалт спорт наадам, Дундговь аймгаас төрж гарсан урлаг, соёлын алдартнуудын нэгдсэн тоглолтыг тус тус амжилттай зохион байгуулагдлаа.
Дуу хуураа иргэн бүрт өвлүүлэн уламжлуулж, үндэсний соёл уламжлалаа эдийн засгийн эргэлтэд оруулан, соёл, урлагийн аялал, жуулчлалыг орон нутагт өргөнөөр татаж, нутгийн онцлогийг шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёл, урлагийн инновацийг хөгжүүлэн, “Дуу хуурын өлгий” хэмээх алдар нэрээ /брэндээ/ бататган хадгалах ач холбогдолтой байлаа.
Дундговь аймаг нь эртний боржигон, төв халхын ёс заншил, өв соёл өргөн дэлгэрсэн бөгөөд 20 дугаар зууны манлай эрэгтэй уртын дуучнаар өргөмжлөгдсөн МУГЖ Жигзавын Дорждагва, зууны манлай эмэгтэй уртны дуучнаар өргөмжлөгдсөн хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Намжилын Норовбанзад нараараа магнайлуулан алдаршсан олон зуун ардын жүжигчин, гавъяат жүжигчин, урлагийн их мастерууд төрөн гарсан дуу хуурын өлгий нутаг юм.
Үндэсний Урлагийн Их театрынхан, МУГЖ Г.Ариунбаатар, Ө.Уянга, УГЗ Ч.Дэлгэрцэцэг, СТА Ц.Шинэбаяр, Ж.Мэндбаяр, Л.Нарангэрэл, Х.Эрдэнэцэцэг, Г.Эрдэнэчимэг зэрэг 300 гаруй мэргэжлийн уран бүтээлчид, Дундговийн 3200 уртын дуучин уран сайханчид, Монголд урьд болсон эвентүүдэд цуглаж байгаагүй хамгийн олон хүн буюу 41000 мянган хүн энэхүү наадамд газар газраас ирлээ.
“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын ерөнхий продюссер аймгийн Засаг даргын орлогч, баяр наадам зохион байгуулах комиссын дарга Мөнхтөрийн Анхбаяр, Жанцанноровын Дамдинцэрэн
“Нар нь нүүдэллэсэн Тэнгэрийн аялгуу” концертын Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагч Луус сумын харъяат МУГЖ Алтангэрэлийн Даваахүү
Концертийн туслах найруулагч, хөтлөгчөөр МУСТА Чойёнваанчигийн Сансармаа
Тоглолтын хөгжмийн зохиолч МУСТА Дэрэн сумын уугуул Гүргэлсүрэнгийн Төвшинтөр
Тоглолтын туслах найруулагчаар Зууны манлай алдарт уртын дуучин МУГЖ Жигзавын Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дарга МУСТА Алтангэрэлийн Ууганбаяр
Уртын дууны удирдаач багшаар МУГЖ Адилбишийн Дүнжмаа
Морин хуурын удирдаач багшаар МУСТА Банзрагчийн Эрдэнэбаяр нар байлаа.
Дундговь аймгийн авьяаслаг ард түмнийг төлөөлөн Мөнх хөх тэнгэртээ дуун цацлаа өргөсөн ардын авъяастнууд, дуу хуурын өлгий нутгийн дугараан түрлэгийг хөглөн байгаа авъяаслаг хүүхэд багачууддаа, дуу хуур өв соёлын өлгий Дундговьчуудынхаа нэрийн өмнөөс нийт Монголынхоо ард түмэндээ өндөр их талархлыг өргөн дэвшүүлье.